Tuesday, April 4, 2017

Түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээний хууль зүйн товч шинжилгээ

Практикт иргэд, хуулийн этгээд хууль зүйн мэдлэггүй, эсвэл дутмагаас, эсвэл хууль зүйн үйлчилгээ аваагүйгээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хууль зүйн шаардлага хангасан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаан нилээдгүй гарч байна. Түүнчлэн түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаж ойлгоогүйгээс хуулийг буруу хэрэглэх нь түгээмэл байна. 

Энэ удаа бид түрээсийн гэрээний зарим шинж чанарын талаар болон эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгарах хууль зүйн зохицуулалтын талаар товчхон шинжилье.

Түрээсийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн Хорин долдугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан байдаг. Харин Эд хөрөнгө хөлслөх гэрээг тус хуулийн Хорин тавдугаар бүлэгт хуульчилсан байдаг хэдий ч Түрээсийн гэрээний харилцаанд дээрх бүлгээр зохицуулсан зохицуулалт байхгүй тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар зохицуулдаг болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй.
 

Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил эрх зүйн шинж, үр дүн бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаад зогсохгүй үр шимийг, ашиглалтын давуу талыг олж өөртөө шингээх эрхтэй байдаг. Харин эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглах эрхтэй байна. Энэхүү шинж чанар нь түрээсийн гэрээ, болон эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь болохыг тогтооход чухал үүрэгтэйг анхаарах хэрэгтэй.

Дээрх зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгийн үр шимийг өөртөө авч үлдэх боломж олгосон нь тухайн эд хөрөнгө нь үр шим өгөхөд тохирсон байх ёстойг шаардаж байна. Тухайлбал, гэрээний дагуу хоосон өрөө тасалгааг ашиглах бол талууд гэрээгээ “түрээсийн гэрээ” хэмээн нэрлэснээс үл хамааран бодит хэрэг дээрээ "эд хөрөнгө хөлслөх гэрээ" байна. Учир нь энэхүү эд хөрөнгө нь үр шим өгөхөд буюу ердийн ашиглалтаас илүүтэйгээр ашиглагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл зөвхөн хэрэглэх тухай заасан гэрээ нь эд хөрөнгө түрээслэх биш эд хөрөнгө хөлслөх гэрээ болохыг анхаарна уу. Харин бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан машин механизм түрээсэлж үүний үр дүнд ашиг хүртэж байгаа бол энэ нь түрээсийн гэрээ болно.

Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус болох, бичгээр байгуулсан ч үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй бол мөн адил хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй болохыг анхаарах хэрэгтэй. 


Эх сурвалж:
www.legalinfo.mn
www.supremecourt.mn

Хариуцлагыг хязгаарлах тухай мэдэгдэл:

Энэхүү мэдээллийг Өмгөөллийн "FOM Partners" ХХН-ээс иргэд, хуулийн этгээдэд зориулан хууль эрх зүйн анхан шатны мэдээллийн эх сурвалж болгон ашиглах зорилгоор боловсруулсан болно. Хууль, эрх зүйн баримт бичиг нь байнга цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд манай хамт олон энэхүү блогтоо хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээлэл оруулахаар чармайж найдвартай, баталгаатай эх сурвалж үндэслэхийг хичээдэг хэдий ч энэхүү мэдээлэл нь албан ёсны хууль зүйн эх сурвалж, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ болохгүй болохыг анхаарна уу. Иймд тус блогийн мэдээлэлд түшиглэсний улмаас ямарваа нэгэн хохирол учирч, алдаа, зардал гарсан бол үүний хариуцлагыг Өмгөөллийн "FOM Partners" ХХН хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Та энэхүү блог дээр гарсан мэдээллийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах бол бидэнтэй 77061991 утсаар, info@fom цахим хаягаар, эсвэл өөр мэргэжлийн хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагад хандана уу. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.