Бид зүрхний шигдээс, аваарь ослоор гэнэт нас барсан талаар бишгүй л уншиж, сонсож байсан. Өөрөөр хэлбэл гэнэтийн ослоор, гэнэт өвчнөөр нас барах тохиолдол цөөнгүй. Энэ үед өв залгамжлалын асуудал сөхөгддөг. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш хувийн өмч хөрөнгө өвлүүлэх, гэрээслүүлэх асуудал ихэсч энэ утгаараа маргаан ихээр үүсэх болжээ.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт харьцангуй тодорхой бөгөөд харин хөдлөх хөрөнгийн хувьд эрх зүйн зохицуулалт бүрхэг учир маргаан илүүтэй үүсэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өвөг эцгээс уламжлагдаж ирсэн хөөрөг нь ааваас нь үлдсэн гэх боловч өвөг эцгийнх нь тул түүний хүүхдүүд, ач зээ нарт хамааралтай байж болох мэт. Түүнчлэн автомашиныг өвлөх асуудал, холбогдох бичиг баримт авто тээврийн бүртгэлийн байгууллага зэрэгт очдоггүйгээс бүртгэл, шилжилтийн асуудал үүсэх нь бий.
Энэ бүхний цаана бид Гэрээслэл үйлдэж, хуулийн дагуу нотариатаар баталгаажуулж авах нь өв хүлээн авагчийг тодорхой болгож өвлүүлэгчийн хөрөнгө хүссэн хүн/байгууллагад зохих ёсоор өвлөгдөх боломжтой болдог. Гэрээслэл үйлдсэнээр гэр бүлгүй хүний өв хөрөнгө, эсвэл гэр бүлээ батлуулаагүй/цуцлуулаагүй, өмнөх эхнэр/нөхрийн хүүхдүүд, түүнчлэн өөр улсад төрсөн болон тухайн улсын иргэншилтэй хүүхдийн асуудал гэх мэт бүрхэг зохицуулалттай, эсвэл аливаа эрх зүйн зохицуулалтгүй асуудлуудыг тодорхой хууль зүйн гаргалгаатай болгодог. Гэрээслэл бол бидний ярьдгаар муу ёр биш харин эрх зүйн зөв үйлдэл юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.