Аливаа хууль эрх зүйн
актууд цаг үеэ даган шинэчлэгддэг бөгөөд энэ болгондоо улам сайжирч байх
учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн төслийг анхны
хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор
сонгуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь хандиваас бүрддэг манай улсын хувьд
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд хандивын асуудлыг хэрхэн
зохицуулсан, олон улсын сайн туршлагын талаар товч шинжилгээ хийснээ
хүргэе.
Хуулийн төсөл нь 14 бүлэг,
103 зүйлтэй бөгөөд хандивын тодорхойлолт, хандивын хэлбэр (мөнгөн болон мөнгөн
бус), хариуцлагын асуудал зэргийг Сонгуулийн тухай хуульд (2015) зааснаар
хэвээр үлдээжээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын
Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь иргэн хуулийн этгээдээс мөнгөн болон мөнгөн бус
хандив авч болохоор тусгажээ. Мөнгөн хандивын хэмжээг 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд баримталсан хэмжээ буюу иргэнээс 10 сая төгрөг,
хуулийн этгээдээс 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.
Харин мөнгөн бус
хандивт одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулинд үл
хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон үнэ
төлбөргүй үйлчилгээг хамруулсан.
Олон улсын сайн туршлагаас
харвал сонгуулийн хандивт:
1. Мөнгөн хандив
2. Мөнгөн бус хандив
3. Үйл ажиллагааны
дэмжлэгийг хамааруулдаг.
Мөнгөн бус хандив гэдэгт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй
ашиглуулах, эзэмшүүлэх, болон үнэ төлбөргүй үйлчилгээнээс гадна төлөгдөөгүй өр,
зээл, бэлэг сэлт зэргийг хамааруулан үздэг байна. Харин үйл ажиллагааны
дэмжлэг гэдэгт хандивлагчаас нэр дэвшигчдэд зах зээлийн үнийн
ханшнаас хямдаар худалдах бараа, үйлчилгээг тооцдог бөгөөд үүнийг тухайн үеийн
зах зээлийн үнэтэй харьцуулж хандивт тооцдог олон улсын жишиг бий. Өнгөрсөн оны
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр бараа эд зүйлс хөнгөлттэй үнээр худалдах
замаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчих явдал ихээр гарсан
билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой хувь хүн
байгууллагад өгсөн/үзүүлсэн эсвэл өөрийн хөрөнгийн бараа, үйлчилгээ нь тухайн
үеийн зах зээлийн ханшнаас доогуур байгаа тохиолдолд үнийн зөрүүг сонгуулийн
хандивт тооцдог байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж бодож
байна.
Түүнчлэн манай улсын хууль тогтоомжид хандивлагч
бүрээс авах хандивын хэмжээг хязгаарласан хэдий ч нэр дэвшигчийн
авч болох нийт хандивын хэмжээг хязгаарладаггүй. Энэ нь "хуулийн
цоорхой" үүсгэж чинээлэг хандивлагч их хэмжээний хандиваа олон
жижиг хэсэгт хувааж өгөх боломжийг олгодог гэж үздэг. Иймд нэр
дэвшигчийн хандиваар олох санхүүжилтийн хэмжээг тухайн жилийн улсын
төсвийн тодорхой хувиас илүүгүй хэмжээгээр тооцож
тогтоосон хязгаарлалтийг хийдэг олон улсын туршлага бий. Жигд бус
санхүүжилттэй манайх шиг орны хувьд нэр дэвшигчдийг мөнгөний хэт нөлөөнөөс хамгаалах, сонгуулийн сурталчилгаа нь хөрөнгө санхүүжилтийн өрсөлдөөн бус тэгш гарааны нөхцөл бүрдүүлсэн өрсөлдөөн болоход чухал ач тустай.
санхүүжилттэй манайх шиг орны хувьд нэр дэвшигчдийг мөнгөний хэт нөлөөнөөс хамгаалах, сонгуулийн сурталчилгаа нь хөрөнгө санхүүжилтийн өрсөлдөөн бус тэгш гарааны нөхцөл бүрдүүлсэн өрсөлдөөн болоход чухал ач тустай.
Дараагийн нэг асуудал бол сонгуулийн санхүүжилтийн
тайлан бөгөөд манай улсад сонгууль болсны дараа улс төрийн
нам, нэр дэвшигчид холбогдох газарт "дүр эсгэсэн" тайлан өгөх
хандлага ажиглагддаг. Санхүүжилтийг тайлагнах зорилго нь хандивыг ил тод,
хяналттай байлгах гол хөшүүрэг юм. Олон улсын сайн практикт сонгуулийн санал хураах өдрөөс өмнө
болон сонгууль явагдсаны дараа улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн
сурталчилгааны санхүүжилтээ тайлагнадаг. Энэ нь сонгуульд өрсөлдөгч
нам болон нэр дэвшигчдийг сонгогчид үнэлэх, тэдэнд сонгуулийн
саналаар хариуцлага тооцох, ил тод байдлыг дэмжих зэрэг олон талын ач
холбогдолтой. Ерөнхийдөө цаг хугацааны хувьд сонгуулийн санал хураах өдрөөс
7-10 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тайланг олон нийтэд
ил тод болгох ёстой. Сонгуулиас хойш 30-45 хоногийн дотор дараагийн
тайланг олон нийтэд ил тод болгох шаардлагатай ба ингэхдээ өмнөх тайлангаас
хойш сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах хүртэлх санхүүжилтийн тоо баримт
тусгахыг тус тус хуулиар зохицуулах нь үр дүнтэй.
Эцэст нь дурдахад намуудын бүтэц зохион
байгуулалт, дотоод ардчиллыг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомжуудыг шинэчлэн батлах нь Монгол Улсын цаашдын
улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний хэт хамаарлыг бууруулах,
бүх шатны сонгуулийг шударга, ил тод явуулахад чухал ач холбогдолтой. Тийм
ч учраас Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэн болон бусад
олон улсын байгууллагаас хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хийн
түүнийгээ дагаж мөрдөн зөрчихгүй байх, ил тод байдлыг хангах, санхүүжилтээ
үнэн зөв мэдүүлэхийг улс төрийн намуудад уриалж, үлгэр дуурайлал
гаргаж ажиллахыг эрх барьж байгаа намд зөвлөдөг ажээ.
Дэлгэрэнгүйг 2015 онд Б.Баттуулын ННФ-ын Бодлогын асуудалд хэвлүүлсэн дараах линкээс унших
боломжтой: